EBRD

Монгол дахь ариун цэврийн цаас үйлдвэрлэгч том брэндийн үйлдвэрлэгч нартай хэрхэн өрсөлдөж байна вэ?

By Volker Ahlemeyer

Khugjil Trade is one of 450 businesses that have benefitted from the EBRD’s advisory services in Mongolia, funded by the European Union.

In english 

ЕСБХБ ба ЕХ-ноос Хөгжил Трейд компанид өсөн дэвжихэд нь тусалж байна

Ариун цэврийн цаас, амны цаасан алчуур бол өдөр тутмын хэрэглээний эд бөгөөд эрэлт хэрэгцээ ихтэй, дотоодын компаниудад бизнесийн сайхан боломж олгосон бүтээгдэхүүн юм. Гэвч олонд танигдсан олон улсын сүлжээ энэ бүтээгдэхүүний зах зээл дээр ноёлж байх нь элбэг байдаг.

Монгол Улсад Хөгжил Трейд компани том брэнд бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөж, тэднийг давж гарсан байна.

“Бид Улаанбаатар дахь үйлдвэр дээрээ 40 орчим төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна” гэж компаний гүйцэтгэх захирал, хатагтай Баатарын Ургамал ярьж байна.  “Бид 1990 оны эхэн үеэс ажиллаж эхэлсэн боловч цаг хугацаа өнгөрөхийн хирээр хөдөлмөрийн бүтээмж маань хоцрогдоод байгааг би ойлгосон. Тиймээс байгууллага, үйлдвэрлэлээ яавал илүү үр ашигтай болгох вэ гэдгийг сурч мэдэх шаардлагатай болсон юм.”

Ингээд тэрбээр туслалцаа хүсч ЕСБХБ-нд хандсан байна. Eвропын Холбооны санхүүжилтээр тус банкны зүгээс Монголд хэрэгжүүлж буй зөвлөх үйлчилгээний хөтөлбөр нь Хөгжил Трейд ХХК шиг бизнес эрхлэгчдийг туршлагатай экспертүүдтэй холбон өгч, бизнесээ өргөжүүлэхэд нь тусалдаг юм.

Ашигт ажиллагааны Японы туршлага

Энэхүү компаний хувьд зөвлөх эксперт нь Японы 5S (япон хэлний “sort - ангилах”, “set in order - дэс дараалалтай болгох”, “shine - гялалзуулах”, “standardise - стандартчилах”, “sustain - тогтвортой хөгжүүлэх” гэсэн нэр томьёоны нэршлээр ингэж нэрлэсэн) аргачлалыг нэвтрүүлсэн байна. Энэ аргачлал нь дэс дараатай үйлдвэрлэл, стандартчилсан ажиллагааны янз бүрийн зарчмуудыг баримталдаг. Аж үйлдвэрийн салбарт анх боловсруулан нэвтрүүлсэн тус аргачлалыг бүхий л салбарт ажилладаг барууны олон том компаниуд үйлдвэрлэлдээ бүрэн, эсвэл хэсэгчлэн нэвтрүүлэн ашиглаж байна.

“Энэ бидний хувьд туйлын эерэг туршлага байлаа” гэж хатагтай Ургамал ярьж байна. “Бид бараа материалын нөөцөө хянан зохицуулж байх ямар чухал болохыг ойлгож авахад маань тус боллоо. Эс тэгвээс бид зарим материалаа хаягдал болгон үрэгдүүлж болохоор байжээ.”

“Түүнээс гадна бид ажилчиддаа сургалт зохион байгуулж, тэгснээрээ компаний зорилтуудыг мэддэг, тэдгээрт хүрэхийн тулд юу хийвэл зохилтой болохыг ойлгодог, илүү урам зоригтой ажиллагчидтай боллоо.”

Хөгжил Трейд компани төслөөс олж авсан санаа онооны ачаар нойтон даавуун алчуур, халаасны цаасан алчуур, дөрвөн давхар ариун цэврийн цаас зэрэг хэд хэдэн шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлсэн байна.   Мөн Өмнөговь аймагт шинэ үйлдвэр байгуулан, Монголын өмнө зүгт оршин суух хүн амд ажлын шинэ байрны боломж бий болгожээ.

Статистик тоон үзүүлэлтээс бүх юм ойлгомжтой байна. Тус компаний төсөл хэрэгжүүлсний дараах борлуулалтын орлого 84 хувь өсчээ. Мөн хөдөлмөрийн бүтээмж 40 хувь нэмэгдэж, компани үйл ажиллагааны зардлаа бууруулж чадсан байна.

“Бидний авсан зөвлөгөө яг цагаа олсон байлаа” гэж хатагтай Ургамал тайлбарлав. “Бид одоогийн байдлаар 60 ажилчинтай, өсч байгаа компани. Эдгээрээс 18 нь зөвлөх үйлчилгээний төсөл хэрэгжүүлсний дараа ажилд орсон. Бизнесээ өргөжүүлэх олон боломж байгааг бид олж мэдлээ. Одоо бид энэ талаар маш тодорхой чиг баримжаатай болсон. Бизнесийнхээ дараагийн шинэ түүх эхлэхэд бэлэн байна.”

Төрөлжсөн эдийн засаг бий болгох нь

Тус үйлдвэрлэгч нь ЕСБХБ-наас Европын Холбооны санхүүжилтээр Монголд хэрэгжүүлж буй зөвлөх үйлчилгээний ашиг тусыг хүртсэн 450 бизнес компаниудын нэг юм. Эдгээр аж ахуйн нэгжүүд дотор тус орны хойд бүс нутгийн ноос боловсруулагчаас авахуулаад баруун бүс нутаг дахь жуулчны компани, эсвэл нийслэл хотын нарийн боов үйлдвэрлэгч, авто засварын үйлчилгээний газар гээд бараг бүхий л төрлийн үйлдвэрлэл, салбарын компаниуд багтаж байна.

ЕСБХБ нь Европын Холбоотой хамтран, өсч дэвжих мөрөөдлөө биелүүлэхэд нь Монгол Улсын бизнес эрхлэгчдийг янз бүрийн хэлбэрээр, түүний дотор зөвлөх үйлчилгээ үзүүлэх, мөн шууд хөрөнгө оруулалт, түнш банкуудаараа дамжуулан шууд бус санхүүжилт хийх замаар дэмжин ажиллаж байна. Эдгээр үйл ажиллагаа явуулснаар бид тус оронд хүчтэй, төрөлжсөн, тогтвортой эдийн засаг бий болгоход туслалцаа үзүүлж байна.