Улаанбаатар дахь хог хаягдлын менежментийг сайжруулахад ЕСБХБ болон ЕХ тусалж байна

Улаанбаатар дахь хог хаягдлын менежментийг сайжруулахад ЕСБХБ болон ЕХ тусалж байна

By Volker Ahlemeyer


in english

Монголын нийслэлийн бохирдлыг багасгах, амьдралын чанарыг сайжруулах зорилготой эрүүл ахуйн шаардлага хангасан ландфилл

Монгол оронд ард иргэд  нь байгаль орчинтойгоо туйлын онцгой холбоотой байдаг бөгөөд тэр нь үндэсний соёлд нь гүн гүнзгий суусан байдаг.

Нийслэл хот Улаанбаатар сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж ирсэн ч энэ  нь байгаль орчны зарим нэг сорилт асуудал дагуулаад байна. Тэдгээр асуудал үндсэндээ хөгжиж буй  болон шилжилтийн олон оронд тохиолдож байгаа хотжилтоос зарим талаараа улбаатай. Гэхдээ Улаанбаатар хот уулын хөндийд байрладаг, гэр хороололд нүүрс түлж дулаан гаргадаг зэрэг зарим онцлог хүчин зүйл бас байна.

ЕСБХБ болон Европын Холбоо эдгээр сорилтын нэг болох хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хамтран ажиллаж байна. Улаанбаатар хотын гурван ландфилл байгууламжийн зөвхөн нэг нь л эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа. Тиймээс өөрчлөлт хийх яаралтай шаардлага тулгарч байна. Иймд, хог хаягдлын менежментээ сайжруулах, шинэчлэх хотын чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор тус Банк 9.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, ЕХ 4.9 сая евроны буцалтгүй тусламж үзүүлж байна.

Ландфилл байгууламжид ойрхон амьдардаг Цолмонсайхан ингэж сайжруулж шинэчлэх явдал маш их хэрэгтэй байгааг онцолж байна. Тэрбээр 2, 3, 13 настай гурван хүүхэдтэй боловч тэднийг гадаа тоглохыг зөвшөөрдөггүй бөгөөдхүүхдүүд нь эрүүл мэндэд нь аюултай, хортой ямар нэг эд зүйл олоод тоглочих вий гэж санаа зовдог аж.

“Хавар болохоор хог хаягдлын цэгээс элдэв юм хийсч оддог. Хүүхдүүдээ уул руу аваад гарахад тэнд дүүрэн хог болсон байдаг. Энэ бол хүүхэд өсч торних, тоглох таатай орчин биш.”

Бидний хөрөнгө оруулалт нь одоо буй Морингийн Даваа дахь хог хаягдлын ландфилл байгууламжид тун их шаардлагатай байгаа хүчин чадал нэмж бий болгох, түүнийг ЕХ-ны стандартад нийцэх эрүүл ахуйн шаардлага хангасан болгоход нь хотод туслах юм.   Түүний зэрэгцээ, шинэ үйлдвэр байгууламж нь барилгын болон барилга байгууламж нурааснаас гарах хаягдлыг дахин боловсруулах болно. Ингэснээр, барилгын материалын хэрэглээ буурах бөгөөд мөн булшлах хог хаягдлын хэмжээ багассанаар ландфилл байгууламжийн тодорхой хүчин чадал чөлөөлөгдөх юм.

Ууганцэцэг мөн ландфилл байгууламж байрладаг Биокомбинатын орчимд амьдардаг. Тэрбээр тус байгууламжийг сайжруулах талаар өндөр итгэл найдвар тээж яваа.

“Ингэж сайжруулснаар агаарын бохирдол үүсэхээс сэргийлж чадна гэж бид найдаж байгаа. Хог хаягдлыг шатаах үед маш их утаа үүсч, байгаль орчин тун их доройтдог” гэж тэрээр хэлж байна. “Байгаль орчин миний хувьд угаасаа чухал. Орчин тойрны агаар цэвэр байвал та бид эрүүл байна.”

Улаанбаатар хотын төв хэсгийг бодвол тэнд агаарын чанар дээр байж ирсэн. Гэхдээ агаарын чанар үе үе доройтох явдал улам бүр нэмэгдсээр байгаа юм. Газар ухснаар хөрс сийрэгжиж, ландфилл байгууламж руу зүглэсэн хүнд даацын ачааны тэрэгнүүд тоос шороо ихээр үүсгэж байна гэж тэрбээр нэмж хэллээ.

Байгууламж барьж эхлэх бэлтгэл ажил одоо хийгдэж байна. Ойрын хугацаанд хийж гүйцэтгэх ажлуудын нэг нь хогийн цэгт хүрэх шороон замын асуудлыг шийдвэрлэх явдал юм. Ландфилл байгууламжид хүрэх авто замыг барилгын хаягдлыг дахин боловсруулсан  материалаар дахин хучиж барина. Цаашилбал, төслийн хүрээнд зам чийгшүүлэгч төхөөрөмж, нөөц усны сав худалдаж авах бөгөөд эдгээрийг ашигласнаар ойр орчимд нь амьдардаг оршин суугчдыг нөмөрдөг тоос шороог хянаж багасгахад тустай байх юм.

Ландфилл байгууламж болон барилгын хаягдал дахин боловсруулах үйлдвэр барих ажлыг энэ онд эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 2023 онд барьж дуусгах төлөвтэй байна.

Хог хаягдлын илүү орчин үеийн дэд бүтэц нь байгаль орчин болоод нийтийн эрүүл мэндийг хамгаалахад ихээхэн ач тус авчрах цаашлаадилүү чанартай амьдрах боломжийг ард иргэдэд олгох болно. Дэд бүтцийг сайжруулснаар СО2 ялгаруулалтыг жил дутам 18 000 тонноор бууруулж, 100 000 тонн материал хэмнэх хүлээлттэй байна. Энэ нь зам дээрх авто машины тоог 3 800-гаар цөөлсөнтэй тэнцэх юм.

Дээр дурдсан шинэчлэл сайжруулалт нь Улаанбаатар хотыг илүү ногоон болгох болно. Энэ арга хэмжээ бол Монгол Улсын нийслэл хотод төрөл бүрийн хөрөнгө оруулалт хийх төлөв бүхий ЕСБХБ-ны Ногоон хотууд хөтөлбөрийн нэг бүрэлдэхүүн юм. Энэхүү хөрөнгө оруулалтын  хэрэгжилт нь Улаанбаатар хотын иргэдийн хувьд томоохон, баригдахуйц үр дүн авчрахын зэрэгцээ урт хугацаандаа байгаль орчныг хамгаалах ач холбогдолтой байх юм.